Путины зураг дээр шээсэн хэргээр хорих ял оноожээ

Москва хотын Басманный дүүргийн шүүх цөлөгдсөн феминист эсэргүүцлийн”Pussy Riot”бүлгийн таван гишүүнд хорих ял оноожээ. Гэхдээ “Mediazona” мэдээллийн сайтын мэдээлснээр, эдгээр гишүүн нь одоогийн байдлаар ОХУ-д байхгүй байгаа учир эзгүй байхад нь ял ногдуулсан байна.

Тодруулбал, Мария Альохина, Тасо Плетнер, Ольга Борисова, Диана Буркот, Алина Петрова нарыг 2022 оны арванхоёрдугаар сард гаргасан “Ээж ээ, зурагт битгий үз” нэртэй дайныг эсэргүүцсэн хөгжмийн видео болон 2024 оны дөрөвдүгээр сард Германы Мюнхен хотод тоглосон үзүүлбэрээс нь болж Оросын армийн талаар “хуурамч мэдээлэл тараасан” хэмээн буруутгажээ.

Түүнчлэн тэднийг Мюнхен дэх тоглолтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хөрөгтэй “ёс бус үйлдэл” хийсэн гэж буруутгасан. Тухайлбал, нэг гишүүн нь Путины зураг дээр шээсэн гэж буруутгасан байна.

Шүүх дээрх таван эмэгтэйг бүгдийг нь гэм буруутайд тооцсон. Хамгийн алдартай гишүүн болох Мария Альохинад 13 жил 15 хоногийн хорих ял, Тасо Плетнерт 11 жил, бусад гурван гишүүнд тус бүр 9 жилийн хорих ял оноожээ. “Mediazona”-ийн мэдээлснээр, эзгүйд нь ял оногдуулсан тул тэднийг ОХУ-д ирсэн даруйд баривчилж, ялыг хүчин төгөлдөр хэрэгжүүлнэ. Харин “Pussy Riot” хамтлагийн тухайн таван гишүүн бүх хэргийг няцааж буйгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн байна. Мөн улс төрийн зорилготойгоор ял оногдуулсан гэж буруутгаж байна.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES