Э.Тэмүүлэнд хилийн хориг тавьж суллажээ

Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл,  Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа.

Тэднээс Б.Амарсайхан хилийн чанадад буй бол Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл,  Л.Алтан-Очир нарыг цагдан хориод байсан. Прокуророос яллагдагч Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай саналыг шүүхэд энэ сарын 17-ны өдөр гаргажээ.

Шүүх хэргийн материал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хяналтын прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбартай танилцаж үзэхэд яллагдагч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай саналд тусгасан хууль зүйн үндэслэл тодорхойгүй.

Мөн саналд дурдсан “…үйлдсэн гэмт хэргийн шинж буюу бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, эрүүл мэндэд нь хохирол учруулж, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол зэрэг нөхцөл байдлыг харгалзан дээрх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатай” гэх үндэслэл хуульд тусгагдаагүй.

Прокурор гаргасан саналынхаа хууль зүйн үндэслэл, түүний нотлох баримтыг хуульд заасны дагуу шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулаагүй, энэ талаар нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байх тул хяналтын прокурор саналыг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Мөн Э.Тэмүүлэнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан  сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Ташрамд мэдээлэхэд, яллагдагч Ц.Санжаачойпэлийн цагдан хорионы хугацаа дуусаагүй байгаа юм.