Дэд сайд асан Т.Болдбаатарын охиныг нэг сар хорих шийдвэр гарчээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас нэгдүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэх ажил явуулж, хар тамхи хэрэглэсэн хэсэг бүлэг этгээдийг дайчлан баривчилсан.

Дээрх этгээдүүдийн дунд Монгол Улсын Эрүүл мэндийн Дэд сайд асан Т.Болдбаатарын охин Б.Буянжаргал гэгч байсан бөгөөд тэрбээр одоогоос таван жилийн өмнө буюу 2015 онд хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад саатуулан шалгаж байсан боловч мөрдөн байцаагчийн эрхийн хүрээнд түүнийг саатуулах хугацаа дууссан учир өнөөдөр сэжигтэн Б-г/2020,01,14/-нд батлан даалтад гаргасан.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорих тухай саналыг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын саналыг хэлэлцээд Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 /Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа/-т заасан үндэслэлээр 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тус тус 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.