Тагнуулынхан Оюутолгойн дөрвөн ажилтанг баривчилжээ

Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанитай хэлэлцээр хийхээр бэлтгэж байгаа энэ үед Тагнуулын ерөнхий газраас өчигдөр /2025.10.23/”Оюутолгой” компанийн Худалдан авах газрын нэр бүхий албан тушаалтнуудын орон байр автомашинд үзлэг нэгжлэг хийсэн нь дуулиан тарьж эхэллээ.

Үйл явдлыг тодруулбал, тагнуулынхан өчигдөр үүрээр “Оюутолгой” компанийн Худалдан авах газрын нэр бүхий албан тушаалтнуудад хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гүйцэтгэх ажиллагаа явуулж орон байр, автомашинд нь нэгжлэг, үзлэг хийсэн байна. Улмаар Д.А, Б.С, М.Г, Ч.Н гэх нэр бүхий дөрвөн албан тушаалтныг баривчилсан байна.

Тэдгээр иргэдийн орон байранд нэгжлэг хийхэд 10 орчим тэрбум төгрөг, мөн олон тооны тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, автомашинууд эзэмшиж байсан нь тогтоогджээ.

Сэжигтнүүдийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгон, авлига авч хууль бусаар олсон орлогоо цэвэршүүлэх зорилгоор тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр шилжүүлж зах зээлд эргэлдүүлэх замаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Мөрдлөгийн ажил өргөн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд цаашид ч баривчилгаа үргэлжилж болзошгүй мэдээлэл байгаа юм.

“Оюутолгой” компанийн зүгээс дээрх гүйцэтгэх ажиллагааг няцаасангүй, мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд “Оюутолгой” компани нь авилга, хээл хахууль, аливаа ёс зүйн зөрчлийг үл тэвчих хатуу дүрэмтэй.

Компанийн худалдан авах үйл ажиллагаатай холбоотой зөрчил гарсан тухай мэдээлэлтэй холбогдуулан хяналт, шалгалт явуулж байгаа бөгөөд хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Шалгах ажиллагаа явагдаж байгаа учир илүү дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байна.

“Оюутолгой” компани нь худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой үндэслэлтэй, баримт нотолгоотой аливаа санал гомдлыг myvoicemongolia@riotinto.com хаягаар хувь хүний мэдээллийн нууцлалыг чанд хадгалан хүлээн авдаг. Энэ нь одоогийн болон хуучин ажилтнууд, гэрээт ажилтнууд, ханган нийлүүлэгчид, үйлчилгээ үзүүлэгчид, түншлэгч байгууллагууд, бидний үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэд гэхчлэн хэн бүхэнд нээлттэй. Аливаа санал гомдлыг чухалчлан авч үзэж, холбогдох хяналт шалгалтыг хөндлөнгийн бие даасан байгууллага явуулдаг. Илэрсэн зөрчилд дотоод журам болон холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авдаг” хэмээн мэдэгдэв.

“Оюутолгой” төсөл 2009 оноос эхлэн хэрэгжсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх 16 жилийн хугацаанд нийт 26 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэнээс 20 тэрбумыг нь зээлээр санхүүжүүлсэн гэж үздэг.

Энэ зээлийн 6.1 тэрбум ам.долларыг “Рио Тинто” компаниас авсан бөгөөд хүүгийн хуримтлал нь анхны зээлийн хэмжээг давж 12 тэрбум ам.долларт хүрсэн. Нэг үгээр хэлбэл, төлөх ёстой зээлийн талаас илүү нь хүүгийн хүү болж хуримтлагдсан гэдэг асуудлыг нэр бүхий гишүүд хөндөх болсон. Иймээс зээлийн хүүг бууруулах ёстой гэж үздэг. УИХ-ын төвшинд энэ асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдан ажилласан бол Засгийн газрын төвшинд мөн энэ асуудлыг Монголын талд нааштай шийдвэрлэх зорилго дор Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж буй.