Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд 300 гэрчийг оролцуулахаар Хянан шалгах түр хороо шийдвэрлэсэн байна.
“Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийх; “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах тусгай шалгалтын хүрээ хязгаар бүхий хянан шалгах түр хороо 2006 оноос хойш буюу 20 жилийн хугацаанд Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлаар ямар нэг шийдвэр гаргасан, ажлын хэсэгт ажилласан албан тушаалтан, холбогдох байгууллагуудын төлөөллийг гэрчээр дуудаж байгааг О.Батнайрамдал гишүүн мэдээлэлдээ онцолсон юм.
