Мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2025 оны арвандүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийг дуусталх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 52227 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1405 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 674 хэрэг шинээр нээж, 294 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 128, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 78, Өмчлөх эрхийн эсрэг 56, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг долоо, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр тав, Хүний амьд явах эрхийн эсрэг дөрөв, Эдийн засгийн гэмт хэрэг гурав, Авлигын гэмт хэрэг, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр хоёр, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг, Соёлын өвийн эсрэг, Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг тус бүр нэг бүртгэгджээ.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал, Гадаад улсаас дайвар ачаанд нуун Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Л.Д, Х.Н нар нь хүлээн авч, худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 2, 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.