ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСАД “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” ТОГЛОЛТЫГ АНХ УДАА ТОЛИЛУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Гэгээн Ширээт Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд нүүдэлчдийн соёлын өв, урлаг, уран сайхны дээж болсон Улсын Филармонийн Морин хуур найрлын “Монголын сайхан орон” тоглолтыг анх удаа тус улсын Папын Урбаны Коллеж түүхэн их сургуулийн танхимд зохион байгууллаа.

 

Монгол Улсын Филармонийн Морин хуурын найрал хөгжмийн энэхүү тоглолтыг алтайн магтаалаар эхлүүлж, монголын сор болсон цагаан суварга, монголын тал нутаг, мандухай сэцэн хатан болон дэлхийн сонгодог бүтээлийн дээжээр үзэгчдийн сонорыг мялаав. Тоглолтын төгсгөлд Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал” эгшиглэлээ.

 

 

Мөн тоглолтын үеэр “Монголын сайхан орон” гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэн дэлгэж, хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд Монгол орны байгалийн сайхныг толилуулахаас гадна морин хуур урлаачийн шилмэл бүтээлээс дэлгэн сонирхуулав.