ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР

Олон улсын музейн өдрийн мэнд хүргэе. Жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр дэлхий нийтээрээ Олон улсын музейн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Олон улсын музейн өдөр нь музейн нийгэмд гүйцэтгэх чухал үүргийг онцлон таниулах, соёлын солилцоо, хүмүүс хоорондын харилцан ойлголцлыг дэмжих зорилготой. Уг өдрийг анх 1977 онд ЮНЕСКО-ийн харьяа Олон улсын музейн зөвлөл (ICOM) нийгмийн хөгжилд музейн гүйцэтгэх үүргийг олон нийтэд илүү өргөн таниулах үүднээс санаачлан зарлаж, Монгол Улс 2003 оноос хойш энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн билээ.


Энэ жилийн хувьд “Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй” уриан дор тэмдэглэж байна.


Монгол Улсад Музейн тухай бие даасан хууль хэрэгжиж эхэлснээр орчин цагийн музейн харилцаа, музейн үүргийг бэхжүүлэхэд мэдэгдэхүйц ахиц гарсан бөгөөд хадгалах, судлах, харилцаа холбоо үүсгэх, боловсрол олгох гэсэн музейн үндсэн дөрвөн үүргийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам тасралтгүй хөгжүүлж байна.

Технологийн хурдацтай хөгжил, глобал нийгмийн шилжилт өөрчлөлтийн энэ цаг үед музей нь:

• Соёлын өвийг хадгалах,

• Харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх,

• Соёл хоорондын уян хатан хандлагыг төлөвшүүлэх,

• Инновац, хүртээмжтэй оролцоог дэмжих чухал үүргийг хүлээж байна.

Энэ өдрийг тохиолдуулан дэлхийн өнцөг булан бүрд үйл ажиллагаа явуулж буй мянга мянган музейд тухайн оны сэдвийн дор бүтээлч эвент, үйл ажиллагаа зохион байгуулж, нийгмийн хөгжлийн төлөө олон нийтэд үйлчилдэг гэдгээ онцлон харуулдаг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх музейд “Олон улсын музейн өдөр”-т зориулсан тусгай арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна.

Та бүхэн олон улсын музейн өдрөөр хамт олон, гэр бүлээрээ музей үзэж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.