СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг чөлөөлөх тухай хэлэлцэнэ

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг өнөөдөр /2025.12.16/ 10.00 цагт  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ. Түүнийг 2020 оны наймдугаар сард Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дууссан.

Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилох мэдээлэл бий. Нэг ёсны хоёр ч УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялалт байгуулсныхаа шагналыг ийнхүү авах гэж байна гэж хэлж болно. Иймээс Сонгуулийн ерөнхий хорооны даргаас нь чөлөөлөх асуудал ийнхүү УИХ-д орж ирж байна. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарангийн хувьд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.  “Прогноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан, Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, “Автобус-3” компанийн захирал, “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захирлын зөвлөх, 2020 оноос Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилогдон ажиллаж байгаа юм.

Түүнийг Сонгуулийн ерөнхий хорооны даргаас чөлөөлснөөр эрх баригч нам 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуулийг угтан хэнийг тус хорооны даргад нэр дэвшүүлэн томилох вэ гэдэг нь анхаарал татсан асуудал болж байна.