Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдлаа. Тус барилдаанд Увс аймгийн Хяргас сумын харьяат сумын заан Дашнямын Мөнх-Отгон 10 даван анх удаагаа түрүүлж, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат сумын заан Дорждэрэмийн Сундуй үзүүрлэв.
Түрүүлсэн бөх Д.Мөнх-Отгон нь дархан аварга Х.Баянмөнхийн удмын бөх аж.

Их шөвгийн гуравт Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат сумын заан О.Учралбаяр, дунд шөвөгт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат сумын заан З.Нямдорж, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат сумын заан Б.Энхманлай, Тува улсын залуу бөх Донгак Сүлде нар шалгарлаа.
Бага шөвөгт Дундговийн заан Б.Доржсамбуу, Увсын заан Ц.Бямбацогт, Сүхбаатарын заан О.Эрдэнэбадрах, Өвөрхангайн заан Д.Мөнхтогтох, Архангайн заан А.Бат-Эрдэнэ нар үлдэв.
Дараагийн барилдаан маргааш/2026.01.13/ Шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.