Монгол Улсын Үндсэн хууль бол төрд илүү эрх мэдэл олгосон бус, иргэнд эрх олгосон хууль. Төр гайхамшиг бүтээж чадахгүй. Иймд иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, хавчин боогдуулсан дүрэм, журмыг гаргаад байж болохгүй. Үүнээс бид иргэдээ чөлөөлөх ёстой.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтан МУИС-ийн багш, оюутнуудад өнөөдөр “Хүний эрх, эрх чөлөө” сэдвээр лекц уншихдаа энэ асуудлыг онцлон хөндлөө.
Тэрбээр Монгол Улсын анхдугаар болон 1940, 1960 оны Үндсэн хуулиуд, тэдгээрийн онцлог, ялгааг товч дурдаад, 1990 онд бидний эцэг, эх ардчилсан хувьсгал хийж, амьдралынхаа дүрмийг өөрчилье гэсэн шаардлага тавьсны дагуу Улсын Бага Хурал хоёр жил өдөр шөнөгүй хуралдан боловсруулж, Ардын Их Хурал хоёр сар гаруй хэлэлцэн шинэ Үндсэн хуулиа баталсан өдөр бол монголчууд бидний амьдралынхаа хэв загварыг шинээр сонгосон баярт өдөр юм гэв. Үндсэн хууль бол Монголын төр, ард түмний хооронд байгуулсан гэрээ болохыг тэрбээр гэр бүлийн харилцаагаар жишээлэн өгүүлж, хэрэв хэн нэг нь гэрээгээ зөрчвөл шүүх рүү очих хэрэг гардгийн адил төр иргэдийнхээ эрхийг хязгаарласан хууль баталж гэрээгээ зөрчвөл Үндсэн хуулийн цэц рүү очдог, Цэц уг хуулийг өөрчлөхийг шаардаж, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалдаг өнөөгийн тогтолцоог үнэлэн дүгнэсэн юм.

Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх 18 үндсэн эрх, эрх чөлөө бол аз жаргалаа өөр өөрсдийнхөөрөө бүтээх боломж гэдгийг Улсын Их Хурлын дарга нэн тэргүүнд онцолж, харин ард түмнээс сонгогдож, эрх мэдэл эдэлж буй хүмүүс иргэдийн тэрхүү боломжийг хязгаарлах ёсгүй гээд, харамсалтай нь хуулиас давсан дүрэм, журмуудаар ийм зүйл их хийсэн байгааг цаашид засаж залруулах зорилгоор “Чөлөөлье” санаачилга дэвшүүлсэн гэдгээ тайлбарлав. Монгол хүн оюуны болон ур чадвар, авьяас билгийн өндөр чадавхтайг дэлхий дахинд эх орныхоо нэрийг дуурьсгаж буй олон олон залуучууд нотлон харуулж байгааг тэрбээр бахархан дурдаж, тэр бүхэнд төрөөс тусалж дэмжээд байсан зүйл огтхон ч үгүй, харин Үндсэн хуулиар эрх, эрх чөлөөг нь өгч, боломж олгосон учир залуус маань чадаж байгаа юм гэлээ.
