Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2-н хүртэл хаах шийдвэр гаргалаа

Сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2-н хүртэл хаах шийдвэрийг дөнгөж сая Улсын Онцгой комисс/УОК/ -ын хуралдаанаас гаргалаа. Энэ шийдвэрийг ирэх долоо хоногийн даваа гариг буюу нэгдүгээр сарын 27-ноос эхлэн улс даяар мөрдөхөөр хугацаа заажээ. Гэхдээ энэ шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар оруулж, эцэслэн шийдвэрлэх юм байна.

Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдлийг бууруулах үүднээс УОК дээрх шийдвэрийг гаргажээ. Энэ шийдвэрийг ерөнхий боловсролын сургуулиуд өмчийн хэлбэр үл харгалзан мөрдөх юм байна.

Коронавирусээс сэргийлж сургууль, цэцэрлэгийг хаах санал гаргав

Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргажээ. Уг асуудлыг Улсын онцгой комиссын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх аж. Гэхдээ одоогоор Улсын Онцгой комиссын хурал зарлагдаагүй байгаа юм.

Улсын Онцгой комиссыг Шадар сайд Ө.Энхтүвшин удирддаг. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр 15.30 цагт хуралдахаар болсон. Тус хуралдаан болж дууссаны дараа үргэлжлүүлэн Улсын Онцгой комисс хуралдаж, коронавирусын талаар хэлэлцэж магадгүй юм байна.