АЙЛЧЛАЛ: Шинэ стратегийн харилцааны алсын харааг тодорхойлов

Дэлхий нийтийн анхаарлыг татсан өндөр түвшний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар пүрэв гарагт Бээжин хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцааг “бүтээлч стратегийн тогтвортой байдал”-д тулгуурлан хөгжүүлэх шинэ алсын хараанд санал нэгджээ.

Ши Жиньпин хэлэхдээ, энэхүү шинэ ойлголт нь ирэх гурван жил төдийгүй түүнээс цаашхи хугацаанд Хятад-Америкийн харилцаанд стратегийн чиг баримжаа өгөх чухал суурь болоыг онцолсон байна. Трампын энэхүү айлчлал сүүлийн есөн жилийн хугацаанд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн анхны төрийн айлчлал бөгөөд гурван өдөр үргэлжилж буйгаараа онцлог юм.

Ши Жиньпин “бүтээлч стратегийн тогтвортой байдал”-ын үзэл санааг дараах дөрвөн үндсэн чиглэлээр тайлбарлав. Үүнд:

  • хамтын ажиллагааг гол тулгуур болгосон эерэг тогтвортой байдал,
  • өрсөлдөөнийг зохистой түвшинд хадгалсан эрүүл тогтвортой байдал,
  • санал зөрөлдөөнийг удирдан зохицуулах боломжтой тогтвортой байдал,
  • энх тайван, харилцан итгэлцэлд суурилсан урт хугацааны тогтвортой байдал багтаж байна.

Трампын хувьд Ши Жиньпинтэй хамтран хоёр улсын харилцаа холбоо, хамтын ажиллагааг улам бэхжүүлж, санал зөрөлдөөнийг зөв зохистой аргаар шийдвэрлэн, Хятад-Америкийн харилцааг өмнөхөөс илүү өндөр түвшинд хүргэхийн төлөө ажиллахаа илэрхийлжээ.

Хоёр улсын удирдагчид Хятад-Америкийн харилцаа нь өнөөгийн дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа гэдэг дээр санал нэгдсэн байна.

Ши Жиньпин Трампыг хүндэтгэн барьсан хүлээн авалтын үеэр хэлсэн үгэндээ

“Хятад-Америкийн харилцааны түүхийг эргэн харахад харилцан хүндлэл, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтын ажиллагаа нь энэхүү харилцааг тогтвортой урагшлуулах гол хүчин зүйл байсаар ирсэн” хэмээн онцолжээ.

Тэрбээр мөн:

“Бид энэ харилцааг зөв авч явах ёстой. Хэзээ ч сүйтгэж болохгүй” хэмээн тэмдэглээд, хамтын ажиллагаа хоёр улсад ашиг авчирдаг бол сөргөлдөөн хоёуланд нь хохирол учруулдагийг онцолсон байна.


Хамтын ажиллагаанд шинэ эрч хүч

Албан ёсны хэлэлцээний үеэр Ши Жиньпин хоёр улсын худалдааны асуудлаарх сүүлийн шатны яриа хэлэлцээг дурдан, “ерөнхийдөө тэнцвэртэй бөгөөд эерэг үр дүнд хүрсэн”-ийг өндрөөр үнэлжээ.

Тэрбээр:

“Энэ бол зөвхөн хоёр орны ард түмэнд төдийгүй дэлхий дахинд сайн мэдээ” хэмээн онцолж, хоёр талын хамтдаа бүрдүүлсэн эерэг уур амьсгалыг хадгалж, цаашид улам гүнзгийрүүлэхийг уриалсан байна.

Мөн Хятадын Худалдааны яамнаас мэдэгдэхдээ, Бээжин Вашингтонтой хамтын ажиллагааны хүрээг тэлж, маргаантай асуудлуудыг бууруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Трампыг Америкийн бизнесийн салбарын нэр хүндтэй төлөөлөгчид дагалдан ирсэн байна. Тухайлбал Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк, Nvidia компанийн тэргүүн Женсен Хуан, Tesla компанийн захирал Илон Маск нар багтжээ.

Трамп тэднийг “Америкийн бизнесийн салбарын шилдэг төлөөлөгчид” хэмээн тодорхойлоод:

“Тэд бүгд Хятадыг хүндэтгэж, өндрөөр үнэлдэг. Би тэднийг Хятадтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийг чин сэтгэлээсээ дэмжиж байна” гэж мэдэгдсэн байна.

Бизнесийн төлөөлөгчид ч мөн Ши Жиньпин, Трамп нарын уулзалт нь хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгч, дэлхийн эдийн засагт тогтвортой, тодорхой байдлыг авчирлаа гэж үнэлжээ.

Ши Жиньпин:

“Хятад улс үүд хаалгаа улам нээлттэй болгоно” хэмээн онцлоод, Америкийн компаниуд Хятадын шинэчлэл, нээлттэй бодлогод чухал үүрэг гүйцэтгэсээр ирснийг тэмдэглэж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэхийг урьсан байна.

Хүндэтгэл, нөхөрлөлийн уур амьсгал

Хэлэлцээ эхлэхээс өмнө Ши Жиньпин Бээжин хотын төвд байрлах Ардын Их Хуралдайн Ордоны өмнө Трампыг албан ёсоор угтан авах ёслол зохион байгуулжээ. Ёслолд цэргийн найрал хөгжим, 21 буудлагын хүндэтгэл, хүндэт харуулын жагсаал багтсан байна.

Трамп Хятадад айлчилж буйгаа “томоохон нэр төрийн хэрэг” хэмээн тодорхойлоод, хоёр улсын хоорондын харилцаа маш сайн түвшинд байгааг онцолжээ.

Тэрбээр мөн өөрөө болон Ши Жиньпин нар олон чухал асуудлаар ойр дотно харилцаж ирснийг дурдаад, Ши Жиньпинийг “агуу удирдагч”, Хятадыг “агуу улс” хэмээн нэрлэж, Хятадын ард түмэнд гүн хүндэтгэлтэй ханддагаа илэрхийлсэн байна.

Хэлэлцээний дараа хоёр удирдагч Тэнгэрийн Сүмд хамтдаа зочилжээ. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн, 600 гаруй жилийн түүхтэй энэхүү дурсгалт цогцолборыг үзсэний дараа Трамп:

“АНУ, Хятад бол агуу үндэстэн, мэргэн ард түмэнтэй орнууд. Бид харилцан ойлголцлоо улам гүнзгийрүүлж, ард түмнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх ёстой” гэж хэлсэн байна.

Хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр Ши Жиньпин 55 жилийн өмнөх Хятад-Америкийн “Пинг-Понгийн дипломат харилцаа”-г дурсан ярьж, хоёр орны ард түмний идэвхтэй харилцаа өнөөг хүртэл хоёр улсын хамтын ажиллагааны чухал хөдөлгөгч хүч болсоор ирснийг онцолжээ.

Тэрбээр:

“Ерөнхийлөгч Трамп бид хоёр олон удаа уулзаж, утсаар ярилцан, Хятад-Америкийн харилцааг ерөнхийдөө тогтвортой хадгалж чадсан” гэж мэдэгдсэн байна.

Харин Трамп Ши Жиньпинд халуун дотно хүлээн авсанд талархаад:

“Өнөөдөр гайхалтай өдөр байлаа” хэмээн хэлжээ.


Илүү тогтвортой ирээдүйн төлөө

Хоёр улсын төрийн тэргүүнүүд мөн Ойрхи Дорнодын нөхцөл байдал, Украины дайн, Солонгосын хойгийн асуудал зэрэг олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлуудаар санал солилцсон байна.

Хятадын геополитикийн шинжээчдийн үзэж буйгаар, хэрэв “бүтээлч стратегийн тогтвортой харилцаа” бодитой хэрэгжиж, тогтвортой хадгалагдаж чадвал Хятад болон АНУ дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд урт хугацаанд чухал хувь нэмэр оруулах боломжтой ажээ.

Хятадын Ардын Их Сургуулийн Үндэсний хөгжил, стратегийн академийн дэд захирал Дяо Дамин:

“Бээжингийн Хятад-Америкийн харилцааны бодлого тууштай бөгөөд ойлгомжтой хэвээр байна. Одоо АНУ Хятадтай нэг чиглэлд хамтран ажиллах нь чухал” гэж онцолсон байна.

Ши Жиньпин мөн ийм төрлийн харилцаа байгуулах нь зүгээр нэг уриа лоозон биш, харин хоёр тал нэг зорилгын төлөө бодит алхам хийх шаардлагатайг тэмдэглэжээ.

Тэрбээр Тайванийн асуудлыг Хятад-Америкийн харилцааны хамгийн эмзэг бөгөөд хамгийн чухал асуудал хэмээн тодорхойлж:

“Хэрэв энэ асуудлыг зөв зохистой удирдаж чадвал хоёр улсын харилцаа тогтвортой байна. Харин буруу шийдвэр гаргавал мөргөлдөөн, бүр ноцтой зөрчилдөөнд хүргэж болзошгүй” хэмээн анхааруулсан байна.

Эх сурвалж: XINHUA