Иргэн Гансүхийн Майцэцэг НӨАТ-ын тухай хуулийн 13.10 дахь заалт нь иргэд сүү, мах, гурил, хүнсний ногоог 6 болон 8 нэрийн барааны жижиг дэлгүүрээс хямд үнээр авах боломжийг хааж байна.
Энэ заалт нь том сүлжээ дэлгүүрүүдэд давуу эрх олгож, жижиг дэлгүүрүүд хаалгаа барихад нөлөөлж байгаа учир шударга өрсөлдөөний зарчмыг шаардан хүчингүй болгож өгөхийг хүсэж УИХ-ын D-Parliament цахим платформд 2026 оны 5-р сарын 12-ны өдөр нийтийн өргөдөл гаргажээ. Уг өргөдлийг 33 мянган иргэн дэмжиж гарын үсэг зурвал УИХ-ын холбогдох байнгын хороо уг өргөдлийг судлан үзэж, санал дүгнэлт гарах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдана.
Өргөдөлд,
НӨАТ-ын тухай хуулийн 13.1.15, 13.1.16, 13.1.17-д МУ-н газрын хөрсөнд ургасан хүнсний ногоо болон сүү, мах, гурил-г НӨАТ-с чөлөөлсөн. Энэ нь НӨАТ-г эцсийн хэрэглэгч буюу ИРГЭД төлдөг учраас хямд үнээр худалдаж авах боломж олгосон хууль юм.
Гэтэл энэ хуулийн 13.10-т дамжуулан борлуулж байгаа этгээдэд 13.1.15. 13.1.16, 13.1.17 үйлчилэхгүй гэсэн заалт нь ИРГЭД өөрсдөд ойр байдаг жижиг дэлгүүрээс сүү, гурил, мах, ногоогоо НӨАТгүй үнээр авах боломжгүй болгож байна. Энэ хуулийг монополь 5 том сүлжээ дэлгүүр өөрсдөд ашигтай хувилбар гарган ТАТВАРын БАЙГУУЛЛАГАТАЙ гурвалсан гэрээ хийж хуулийн цоорхой гарган ашиглаж байгааг эсэргүүцэж байна. Иргэд болон жижиг бизнес эрхлэгчдийн эрх ашгийг зөрчиж байна учраас НӨАТ-н хуулийн 13.10-г хүчингүй болгож өгөхийг шаардан гарын үсэг цуглуулахаар өргөдөл гаргаж байна гэжээ.