ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгдсэн байна

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15.373 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12.290, орон нутагт 3085 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 20 болжээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны зургаадугаар  сарын 9-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар эмнэлэгт 58 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Гэрийн хяналтад 18 хүн байна.

Тухайлбал, нийслэлд 42 хүн, хөдөө орон нутагт 16 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5473 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3872, 5-9 насны 1994 хүүхэд, 15-19 насны 1865 хүүхэд Улаанбурханаар өвджээ. Харин 20-24 насны 445, 25-29 насны 578 хүн өвдсөн байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.