Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа

0Төрийн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яаманд болсон “Монгол-Монтенегрогийн дугуй ширээний бизнес уулзалт”-д 70 гаруй төлөөлөл оролцлоо.

Талууд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, бизнес, хөрөнгө оруулалтын орчин болон худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээлэл солилцов.

Уулзалтад Ерөнхийлөгч Яков Милатович, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нар оролцжээ.

Ерөнхийлөгч Яков Милатович, бизнес, хувийн хэвшил хооронд бат бэх холбоо тогтоож, шинэ түншлэл, шинэ зах зээл бий болгоход хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг хэллээ.

Сайд Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, бараа, бүтээгдэхүүнээ зах зээлд харилцан нэвтрүүлэх боломж эрэлхийлж, бизнесийн түншлэлээ идэвхжүүлэн, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Энэ уулзалт хоёр улсын найрсаг харилцааг худалдаа, эдийн засгийн  агуулгаар баяжуулах, бизнес эрхлэгчдийн шууд харилцааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээж, харилцан ашигтай хамтрахад чухал түлхэц болно гэдэгт талууд санал нэгдлээ.