Сонгогчид дүнгээ тавина шүү ГИШҮҮД ЭЭ

Австралийн Холбооны Улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд манай улсаас УИХ-ын дарга Г.Занданшатар,  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нар оролцохдоо казинод байх бичлэг ил болж, тэнд байсан гишүүд ч ээлж дарааллан мэдээлэл хийсэн.

Тухайн үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн казиногийн ширээний ард тоглож буй байдалтай цаана нь  Д.Эрдэнэбат гишүүн болон Австрали дахь Элчин сайд Б.Чулуунхүү нар хараад зогсож буй зураг ил болсон.

Дээрх зургийн талаар МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Бид казиногийн хууль судлах хүрээнд үзэж танилцсан” хэмээн тайлбар хийсэн.

Харин УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байсан нь би мөн. Тэнд ямар ч гишүүн тоглоогүй.  Бидний дунд мөнгөтэй ч гишүүн байхгүй. Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байхав дээ. Сонирхоод л ороод гарсан хэмээн мэдэгдэж байв.

Гэтэл тэдний казиногийн ширээний ард суугаа зураг ар араасаа цуварч тоглосон гэхээсээ илүү тоглоогүй хэмээн худал мэдээлэл хийсэн нь цахим хуудаст хүмүүсийн эгдүүцлийг төрүүлээд байна.

Мэдээж төрийн түшээд нь худал яриад байвал хэн ч дуртай байхав. Бид тоглоогүй хэмээн хэлчихээд хэзээ зураг ил болох бол хэмээн түгших хэцүү л байсан байлгүй. Анх мэдээлэл хийхдээ л эрхэм түшээд үнэнээ хэлэх байсан юм. Цаг өөр болж ард иргэд үнэнийг хүсдэг болж. Үнэн худлыг дэнсэлдэг ч боллоо.

Эрхэм төрийн түшээд үг үйлдлээ хянахгүй бол сонгогчид удахгүй дүн тавина шүү.