Б.Ургамалцэцэг: Монголчууддаа хэрэгтэй мэдээ мэдээллийг өгч хамтран ажиллахдаа баяртай байна

Ардчилсан намын урьдаа барьдаг бүсгүйчүүдийн нэг бол Б.Ургамалцэцэг билээ. Түүнийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсаас АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томилсон бөгөөд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгээс консулын патентаа гардан авснаар ажилдаа орсон байна.

Тэрээр “Миний бие энэ албыг хаших хугацаандаа Ерөнхий консулын газрын ажилтнуудтайгаа хамтран хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл болон хүн хоорондын харилцааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллах болно. Өөрийн Консулын тойрог дахь монголчуудынхаа нийгэмлэг, холбоодуудыг цаашид ч мөн дэмжиж дэлхийд хосгүй монгол соёл, өв уламжлалаа бахархал болгодог олон талын урлаг, соёл, шинжлэх ухаан, худалдаа, сурталчилгааны арга хэмжээ зохион явуулахад нь холбогдох хууль журамд нийцүүлэн дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Консулын үйлчилгээнийхээ талаар танд хэрэгтэй тустай мэдээллийг өгч, санал бодлоо хуваалцан хамтарч ажиллах болгондоо бид баяртай байх болно’ хэмээн бичжээ.

АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрын тойрогт Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта мужууд хамаардаг байна.

Ерөнхий консул Б.Ургамалцэцэг нь 2013 онд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд, Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан билээ.