УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарыг шүүх хурал хойшиллоо

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарыг  БГ-ийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал өнөөдөр/2020.04.03/ болж шүүх талуудаас гаргасан хүсэлтүүдийг хэлэлцэхээр түр завсарлаад байсан бөгөөд хохирогчийн талаас гаргаж өгсөн нотлох баримттай шүүгдэгчийн өмгөөлөгч нар танилцах мөн Баянгол дүүргийн татварын хэлтсээс тодорхой баримт гаргуулах зэрэг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанд талуудын мэтгэлзэх боломжийг хангах үүднээс шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны 09 цаг хүртэл хойшлуулжээ.

Түүнийг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр  буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 265.2-д зааснаар буруутгаад байгаа.

Тэрбээр өөртөө зориулж 1.3 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаус худалдан авсан байдаг. Тухайн хаусыг УБТЗ буцаан авах шийдвэрийг тухайн үеийн ЗТХ-ийн Дэд сайд асан Б.Цогтгэрэл гаргаж байсан ч Л.Пүрэвбаатар уг шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан бөгөөд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Л.Пүрэвбаатарын талд шийдвэр гаргаж байв.  Харин Улсын Дээд шүүхээс түүний Зайсан дахь 1.3 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-д шилжүүлэх шүүхийн тогтоол гаргаж байсан юм.