Корона вирусын халдвар нэмж илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас титэм вирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлыг хийлээ.  Мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа, ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар өгөв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 2020 оны дөрөвдүгээр сарын 3-ны Токио-Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 62 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр сэжигтэй тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй. Амар зочид буудалд тусгаарлагдсан 169 хүн, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 74, Зүчи зочид буудалд тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын шугамаар хийсэн 26 хүнээс коронавирус илрээгүй байна. Дөрөвдүгээр сарын 4-нд нийт 337 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд бүгдээс нь коронавирус илрээгүй гэлээ.