Үе үеийн удирдагч нарын хүүхдүүд улс төрд орох уу

МАН-ынхан сонгуулийн сурталчилгаандаа Монгол Улсын үе үеийн удирдагч нарын удмын үрсийг “ашиглах” болсон байна.

Тухайлбал, Д.Сүхбаатар жанжины дөч хүү С.Өлзий, Маршал Х.Чойбалсангын зээ охин Ч.Халиун нарыг зорилтот нэвтрүүлэгтээ оролцуулсан байдаг.

Эх сурвалжийн мэдээллээр тэднийг ирэх УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд оролцуулахаар гэрээ байгуулсан гэх. Үнэн худлыг хэн мэдлээ.

Ямартаа ч, тэднийг улс төрд орвол тус намаас дэмжихээ мөн илэрхийлсэн гэсэн шүү.

Дашрамд дуулгахад, маршал Чойбалсангийн зээ Ч.Халиун өвөөгийнхөө тухай “Би бол маршал Чойбалсангийн охин Сувдын охин. Миний өвөө болон түүний хамтран зүтгэгчид Монгол Улсыг тусгаар тогтнуулах, цаашлаад нийт Монгол туургатныг нэгтгэж, нэгдсэн Монгол байгуулахыг зорьж байсан. Миний хувьд өнөө үед Монгол туургатны хэл соёлыг хадгалах, дэлгэрүүлэх, соёлын болон эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх нь бидний үеийнхний үүрэг гэж боддог” гэжээ.

Харин жанжин Д.Сүхбаатарын дөч хүү С.Өлзий “ХХ зуунд миний өвөө Сүхбаатар үеийн нөхөдтэйгээ сэтгэл зүтгэл нийлж, тусгаар тогтнолын төлөө хувьсгалыг сэдэж, ялалт байгуулсан. Өнөө үед залуус өндөр боловсролтой болж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үндэсний түүх соёл, эх оронч үзлээ сайтар судалж, сургамж авах нь үндэсний сэхээтний үүрэг болов уу. Тэгж гэмээнэ нэг улсаас эдийн засгийн хэт хамаарлаа багасгаж, эх орноо хөгжүүлж, тусгаар тогтнолоо бэхжүүлнэ гэж би боддог” гэжээ.