Хаврын чуулганаар УИХ-ын гишүүн Б.Батзоригоос гадна дахин дөрвөн гишүүний бүрэн эрх түдгэлзүүлэх асуудал хөндөгдөж магадгүй бололтой

УИХ-ын гишүүн Б.Батзориг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэрбээр “эрх мэдлээ урвуулан ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, хууль бус захирамж гаргасан”  гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Түүний бүрэн эрхээсээ чөлөөлөх асуудлыг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэнэ.

Тэгвэл энэ хаврын чуулганаар өмнө нь прокуророос бүрэн эрхийг нь чөлөөлөх хүсэлт оруулаад дэмжигдээгүй УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дахин өргөн бариж магадгүй гэх бор шувуу нисч эхэллээ.

Тодруулбал,  “УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-ний өдөр А/131 дугаартай тушаалаар Б.Ундармаад холбогдох  “Доктор МЭИК” компанид 800 сая төгрөгийн, А-88 дугаартай тушаалаар Д.Дамба-Очирт холбогдох  “Сапфир стоун” ХХК-д 1,2 тэрбум төгрөгийн,  Л.Энхболдод “Хасговь транс” хувьцаат компанид 950 сая төгрөгийн, Г.Солтанд холбогдох  “Монгол шаазан” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан байдаг. Гэвч дээрх хэргийг шалгах явцад нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс УИХ татгалзсан. Тэгвэл Б.Батзориг хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрч өргөдлөө өглөө. Иймээс ойрын өдрүүдэд прокуророос дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин сөхөж магадгүй бололтой.

Хэрэв дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдшэлзүүлэх асуудал дахин сөхөгдөж чуулганаар хэлэлцвэл гишүүд тэднийг авч үлдэхгүй л болов уу. Учир нь УИХ-ын ээлжит сонгууль болоход гурав хүрэхгүй сар үлдээд буй энэ үед эрх мэдэл албан тушаалаа ашиглаж ЖДҮ-чдийн авах байсан хэдэн тэрбум төгрөгийг хуваагаад авчихсан гишүүдээ авч үлдвэл МАН-ын бага байгаа ретинг дахиад унаж ирэх сонгуульд ялах магадлал багасна. Тиймээс хэрэв тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах прокурорын хүсэлт ирвэл МАН дахин дөрвөн гишүүнээ ч үдэж магадгүй болох нь.