Халдварын голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд 500 мянгаас нэг сая төгрөгийн урамшуулал олгоно

ХӨСҮТ-ын хадварын голомтод ажиллаж буй 100 орчим эмч, сувилагч, үйлчлэгч, мэргэжилтнүүдэд Улсын Онцгой комиссоос ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас хандивласан хөрөнгөөс тус бүр 500 мянгаас нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоо Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өчигдөр ХӨСҮТ-д ажиллах үеэрээ мэдэгдлээ. Тус төвд лабраторийн баг, тандалтын эмч, сувилагч зэрэг 200 орчим эмч мэргэжилтнүүд ажилладаг. Үүнээс 100 орчим нь коронавируст халдварын голомтод ээлжээр ажилладаг байна. 

ХӨСҮТ-д өчигдрийн байдлаар нийт 237 хүнд шинжилгээ хийгдсэн байна. Тандалт судалгаа эмчийн хяналт, лабораторийн шинжилгээ үргэлжилж буй бөгөөд өнөөдөр тус төвд 177 хүн тусгаарлагдан, ажиглалтад байгаа билээ.