Ц.Баатархүү АН-ын EНБД-аар томилогдлоо

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга, иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Баатархүү АН-ын EНБД-аар томилогджээ. 

Тэрбээр улс төрд амжилттай яваа 1980-аад оны залуусын төлөөлөл, АН-ын өмнөө барих, өсч яваа залуу улс төрчийн нэг юм.

Түүний хувьд МУИС-ийг Улс төр судлаач мэргэжлээр төгссөн. Ажил амьдралаа сургуулийнхаа оюутны байгууллагаас эхэлсэн бол хувь хүний хөгжил, менежмент, манлайллын боловсрол олгох зорилгоор “Монголын Лектор төв”-ийг үүсгэн байгуулсан гээд насандаа баймгүй хийж бүтээсэн зүйлтэй нэгэн.

Хувь хүний хөгжил, манлайлал болон менежмент, мэддэг боловсролыг олон нийтэд түгээх зорилгоор Монголын Лектор сургалт судалгааны төвийг байгуулан ажиллаж, 10 мянга орчим хүнд төрөл бүрийн сургалтыг зохион байгуулж байсан.

Залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх “Залуу Манлайлал” хөтөлбөр, хүүхэд залуучуудад Экологийн боловсрол олгох “Хөх цэрэг” тойрон аялал, залуучуудын шүүмжит сэтгэхүйг хөгжүүлэх “Оюуны олимп” цуврал тэмцээнийг санаачлан зохион байгуулсан. “Ажил хэргийн гурвалжин”, “Зөв ярих ухаан” ном хэвлүүлсэн нь шилдэг бүтээлээр шалгарч байлаа. Мөн Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, сургалт судалгааны “ЭмЭлСи Трэйнинг” компанийг байгуулан ажиллаж байсан.

Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга, Ардчилсан Залуучуудын Холбооны дэд ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан туршлагатай. 2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдохдоо нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил хариуцсан орлогчоор ажиллаж, мөн “Ухаалаг Улаанбаатар хөгжлийн хороо”-г байгуулан ажиллаж нийслэлээс иргэдэд үзүүлдэг 530 гаруй үйлчилгээг цахим болгох төслийн судалгааг зохион байгуулсан.

“Улаанбаатар нэгтгэл” ОНӨҮГ-ын УЗ-ийн даргаар ажиллаж байсан гээд тоочоод байх юм бол чамлахааргүй намтартай залуу. Нам нь эрх барьж байх үед хариуцдагатай алба хашиж байсан түүний хувьд, одоо цөөнх болсон үед сөрөг хүчний бүлгийг толгойлон ажиллаж байна.

Энэ утгаараа ажил, улс төрийн хувьд туршлага сууж байгаа нэгэн. Харин гэр бүлийн хувьд тэрбээр 10 хүүхэдтэй өнөр өтгөн айлын бага хүү бол эдугээ эхнэр, гурван хүүхдийн хамт ам бүл тавуул амьдардаг аж.

АН-ын EНБД Ц.Тувааны хувьд намын дэд даргаар дэвшин ажиллахаар болжээ.