УИХ-ын чуулганаар ЖДҮ-чин гишүүдийн асуудал сөхөгдөх бололтой

УИХ-ын гишүүн Б.Батзориг өнгөрсөн сарын 30-нд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтэй өгсөн. Түүний хүсэлтийг хуулиараа бол 14 хоногийн хугацаанд хэлэлцэх ёстой. Гэвч УИХ-ын хаврын чуулган энэ сарын 6-нд эхэлсэн билээ. 

Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх саналаа гаргасан Б.Батзориг гишүүний асуудлыг хэлэлцэж хуралд оролцсон 11 гишүүнээс 10 нь дэмжсэнээр тогтоолын төслийг УИХ-д хүргүүлэхээр боллоо. 

Түүний УИХ-ын бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх бололтой. Мэдээж энэ үеэр эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж ЖДҮ авсан гишүүдийн асуудлыг зарим гишүүд хөндөх бололтой. Учир нь өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хожимдсон ч гэсэн Б.Батзориг гишүүн өргөдлөө өглөө. Бусад нь ч гэсэн удахгүй өгөх байх.  Тиймээс УИХ нэг мөр хэлэлцмээр байна аа. Тэгэхгүй нэг өргөдөл өгөхөөр нь  хэлэлцэнэ гэж явбал иргэдийн парламентад итгэх итгэл суларна. Миний тоолж байгаагаар 49 гэж ойлгож байгаа. Та бүгдийн хоорондоо тохирсноор 5, 6 байгаа байх. Тэр хүмүүсийн өргөдлийг аваад, хамтад нь хэлэлцээд явмаар байна” гэсэн юм.