Фитнес, сауны үйл ажиллагааг нээлээ

Засгийн газрын /2020.04.15/ ээлжит хуралдаанаар  Eрөнхий сайд Тул гол, Богд ууланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж амралтын газар, саун, фитнессүүдийг ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, журам гаргаад шат дараатай нээх чиглэл өгсөн.

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор өчигдөр А/521 тоот “Иргэдийн эрүүл мэндийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргаж нийслэлийн нутаг дэвсгэр дээр стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаага явуулж байгаа амралтын газар, аялал жуулчлалын бааз, саун, буудал, бялдаржуулах төв /фитнесс/, иогийн клуб, 10 хүртэлх хүнтэй сургалтын төвийн үйл ажиллагааг нээлээ.

Дээрх газруудын үйл ажиллагааг Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж 2020 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл  түр зогсоогоод байсан билээ.

Эдгээр байгууллагууд үйл ажиллагаа нээж, явуулахдаа үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмжиж дотогш нэвтрүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд гүйцэтгэж байх, иргэдийг нэг дор олноор цуглуулахгүй байх, мэргэжлийн байгууллагын зөвлөмж зөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажиллахыг Хотын дарга захирамждаа дурьдсан байна.