Халдвартай жолооч, хүүтэйгээ уулзаагүйг хяналтын камераар тогтоосон

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.23/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д болон бүх орон нутгийн хэмжээнд өчигдөр /2020.04.23/ сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 26 хүний шинжилгээнээс COVID-19 вирус илрээгүй.  Халдвар авсан нь батлагдсан уг жолоочийн хүүхэд аавтайгаа утсаар ярьснаас уулзаагүй гэдгийг хяналтын камер, бусад баримтаар тогтоосон. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 159 эмчилгээ хяналт, тандалт, судалгаанд байна. Тандалтын шугамаар орон нутгийн 17 хүний сорьц шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

Халдвар авсан 27 хүний биеийн байдал тогтвортой сайн байгаа. Эмчилгээний тактик зөв байна. Эмчилгээнээс гадна сэтгэл санаа өөдрөг байх нь маш чухал юм.

Олон улсын ачаа тээврийн жолооч нарын эрүүл мэндийг хянах зорилгоор Дархан-Уул аймагт байгуулсан ХӨСҮТ-ийн дайтай хүчин чадалтай лабораторийг хилийн боомтод ажиллуулах шийдвэр гарсан. Үүнд ХӨСҮТ-ээс лабораторийн нарийн мэргэжилтэн очин ажиллаж байна” гэв.