Н.Номтойбаяр: Ээж маань намайг дэмжиж эхний гарын үсэг зурлаа

УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түр түдгэлзүүлэн шалгуулж буй Н.Номтойбаяр Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээ зарлаад буй. Тэгвэл бие даан нэр дэвшигчид тухайн тойргоосоо 801 дэмжигчийн гарын үсэг цуглуулах ёстой. Түүний хувьд өчигдөр/2020.05.10/-өөс дэмжигчдийнхээ гарын үсгийг цуглуулж эхэлжээ. Н.Номтойбаярыг дэмжиж гарын үсэг зурсан анхны хүн нь түүний ээж аж. Энэ талаар тэрээр “Өнөөдөр УИХ-ын сонгуульд ХАН-УУЛ дүүргээс бие даан нэр дэвшигч Нямтайширын Номтойбаяр миний бие хуульд зааснаар дэмжигч сонгогчдын гарын үсэг цуглуулах аяныг эхлүүллээ. Хүүгээ дэмжиж ХАН-УУЛ дүүргийн 11-р хорооны сонгогч, ээж маань эхний дэмжигч болж гарын үсгээ зурлаа.” хэмээн бичиж зургийг нь оруулжээ.

Өнгөрсөн долоо хоногт прокуророос түүнийг албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн. Шүүх прокуророос гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн билээ. Учир нь Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад буй Н.Номтойбаярт яллах дүгнэлт гардуулахаар удаа дараа дуудахад ирээгүй тул прокуророос албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасныг хоёр шатны шүүх хангаж шийдвэрлэсэн юм.