“Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ?” чимээгүй жагсаал боллоо

Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ?” чимээгүй жагсаалыг зохион байгуулжээ.

Тус жагсаал нь эцэг эх, асран хамгаалагчдын хүүхдэдээ тавих анхаарал, хараа хяналтыг сайжруулахад нөлөөлөх зорилготой. Түүнчлэн:

  • Хүүхдийг болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх,
  • Эрүүл аюулгүй, амьдралын зөв дадлыг гэр бүлийн орчинд хэвшүүлэх,
  • Эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэхэд “Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ?” чимээгүй жагсаалын гол агуулга орших аж.

Жагсаалын үеэр ахуйн осол гэмтэл, зам тээврийн осол, гэр бүлийн болон бусад хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг хүргэхийг зорьж хүүхдийн дуу хоолойг гутлаар төлөөлүүлэн чимээгүй жагсаалыг зохион байгуулжээ.

COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлж Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон тул эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулан, аюулгүй байдлыг хангах шаардлагатай байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байна.

Эх сурвалж: Дундговь аймгийн төрийн байгууллагуудын нэгдсэн цахим хуудас