Тойргоо сольсон ч ЖДҮ-чдийг мартах учиргүй

Өнгөрсөн амралтын өдөр нам, эвсэлүүд хурлаа хийж нэр дэвшигчдээ тодруулж зарласан. Гэхдээ иргэд, сонгогчид МАН-аас нэр дэвшигчдийн нэрсийг хамгийн их хүлээж байсан.

МАН-ын хувьд Тусгаар тогтнолын ордонд бага хурлаа хийж нэр дэвшигчдээ тодруулсан. Нэр дэвшигчдээ тодруулахаас өмнө бага хурлын гишүүддээ хасч, зарим нэг хүнийг нэмсэн. Шинээр нэмэгдсэн бүх хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид байлаа. Улмаар нэр дэвшигчид тодорч нэрсээ зарлахад 76 хүний бараг тэн хагас нь 2016 онд сонгогдсон гишүүд байсан нь иргэдийн сэтгэлийг гонсойлгов.

Учир нь эдгээр гишүүд дотор ард иргэдийнхээ боломжийг хулгайлж өөрсдийн хамаарал бүхий компанидаа хэдэн зуун саяар нь бага хүүтэй зээл авсан  ЖДҮ-чин гишүүд цөөнгүй байгаа юм. Тиймээс иргэд нэг удаа иргэдийнхээ боломжийг хулгайлсан юм чинь дахин тийм байдал гаргахгүй гэх үндэс байхгүй тиймээс нэр цэвэр хүмүүсээ намын дарга нь оруулж ирэх байх хэмээн хүлээж байсан нь талаар болов. Харамсалтай нь тэд дахиад л нэр дэвшихээр болчихлоо. Зарим нэг нь бүр ичих ч үгүй тойргоо солиод сонгуульд өрсөлдөх эрхээ авчихлаа. 

Гэхдээ одоо иргэд хичнээн мөнгө тараасан ч нээх их хууртахаагүй болчихсоныг МАН-ынхан мартаагүй байх. Иргэдийнхээ боломжийг өөрийн албан тушаалаа ашиглан авсан гишүүд мөнгө тараасан ч аль нам байх нь хамаагүй хүнээ харж сонгоно гэдгээ иргэд илэрхийлсээр байна.