Сонгогч саналаа “худалдсан’ тохиолдолд нэг сая төгрөгөөр торгуулна

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид удахгүй СЕХ-ноос үнэмлэхээ авч, зургаадугаар сарын 2-ноос сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Санал хураалт зургаадугаар сарын 24-д болно.

Дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын сонгуулиар нэр дэвшигч мөнгө тараасан, сонгогч мөнгө авсан талаар маргаан үүсдэг.  Тэгвэл мөнгө тараасан болон мөнгийг нь авсан сонгогч  зөрчлийн тухай хуулиар торгууль төлдөг болох хуулийн заалт энэ жилээс хэрэгжинэ.

Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр өөрчлөн найруулсан Зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгогч мөнгө авч санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тусгажээ.

Зөрчлийн тухай хуулийн 17-р зүйлийн 30.4. “Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 66.13.5. “Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах”гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, сонгогч та нэр дэвшигчээс мөнгө авсан тань нотлогдвол 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу нэг сая төгрөгөөр торгуулах юм.

Харин СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 81.7-д “Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй” гэж заасан байна.