Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж, сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлнэ

УИХ-ын Сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ СЕХ-ноос гардаж авна. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсан өнөөдрөөс буюу зургадугаар сарын 2-ноос сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно. УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 24-ний өдөр улс орон даяар явагдана.

Энэ удаагийн сонгууль цар тахлын үед явагдах учраас сонгуулийн үед “COVID-19”-өөс сэргийлэх журмыг Засгийн газраас баталсан. Уг журамд Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны үед аливаа арга хэмжээ, сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг цахим хэлбэрээр зохион байгуулна.  Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Арга хэмжээнд оролцогч хүн хоорондын зай 1,5 метрээс доошгүй байх бөгөөд биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцаж, оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна.

 Уулзалт, хурал, цуглааныг зохион байгуулах байр танхимд болон гадна талбайд оролцогчдыг суух боломж нөхцөлөөр хангаж байрлуулсан байна. Хүн суух сандал хоорондын зай 1,5 метрээс доошгүй байна гэж заасан.

Энэ удаагийн сонгууль 29 тойрог, 76 мандаттай буюу нийслэлийг ес, аймгийг 20 тойрог болгон УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. 2020 оны УИХ-ын сонгуульд 14 нам, эвсэл  121 бие даагч гээд нийт 639 нэр дэвшигч өрсөлдөж байна. Сонгуульд 121 хүн бие даан өрсөлдөж байгаа нь хамгийн их бие даагчтай сонгууль болж буй аж. Нийт нэр дэвшигчдийн 378 нь орон нутагт, 261 нь нийслэлийн тойргуудад өрсөлдөж байгаа юм. Мөн одоогийн УИХ-ын гишүүдээс 52 нь сонгуульд нэр дэвшээд байна.

Улс төрийн намуудаас АН болоод МАН 29 тойрогт 76 нэр дэвшигчээ дэвшүүлээд байгаа.  Та бидний эвсэл, Шинэ эвсэл-ээс мөн 76 хүнийг нэр дэвшүүлсэн. “Зөв хүн электорат эвсэл”-ээс 59, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-аас 13 тойрогт 16 нэр дэвшигч, “Эх орончдын нэгдсэн нам”-аас нэг, “Дэлхийн монголчууд нам”-аас нэг, “Хөгжлийн хөтөлбөр нам”-аас долоо, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл 70, “Зон олны нам”-аас 30, “Ард түмний олонхийн засаглал нам 25, “Гэр хороолол хөгжлийн нам”-аас таван  нэр дэвшигч гэх зэргээр нэр дэвшжээ.