ГХ-ны сайд Д.Цогтбаатарын жолоочоор ажиллаж байсан С.Эрдэнэбаяр нарыг 11-нд шүүнэ

Герман улсын Дрезден хотод дипломат албаны автомашинаар 70 кг геройн тээвэрлэж яваад саатуулагдсан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал зургадугаар сарын 11-нд товлогджээ.

Сануулахад, жилийн өмнө Туркийн Истанбул хот дахь Консулын албаны дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаярын хамтаар 70 кг геройн тээвэрлэж яваад Германд саатуулагдан дуулиан тарьж байв. Тус бүр нь 500 граммаар боосон 140 багц хар тамхины ханш гурван сая евротой тэнцэх тухай мэдээлэл цацагдсан юм. ГХ-ны сайд Д.Цогтбаатарын жолоочоор ажиллаж байгаад тус улсын консулын машины жолоочоор явсан хүн уг машиныг жолоодож байсан гэх мэдээлэл тухай үед цацагдаж байв .

Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар”Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүс нь манай яамнаас томилогдсон хүмүүс мөн. Б.Баттүшиг нь өмнө нь Бангкокт томилогдож байсан. Дараа нь, Истанбулд томилогдсон. С.Эрдэнэбаяр нь 1990-ээд оноос манай яаманд ажиллаж эхэлсэн, олон сайд, олон Элчин сайдын жолооч хийсэн хүн. Яг үнэндээ энэ хүн өнгөрсөн жилийн томилгоонд ороогүй байсан юм. Гэтэл тухайн жилийн томилгоо бүгд хийгдэж дууссаны дараа Туркт томилогдсон байсан хүн явж чадахаа болиод оронд нь Төрийн албаны зөвлөлөөр шийдэгдэж, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхэлдэг газраас нэр нь орж ирээд явсан. Намайг энд ажиллах хугацаанд надтай таван жолооч ажилласан.

Тэдний л нэг. Дипломат байгууллагын үйлчилгээ эрхэлдэг газраас “Энэ хүн таны жолоочоор ажиллана” гэхэд би “Үгүй ээ, энэ хүнийг авахгүй” гэж нэг ч удаа хэлж үзээгүй. Яагаад гэхээр манай яамны нэг онцлог нь сайдаар ч, Төрийн нарийнаар ч ажилласан байлаа гэхэд гаднаас жолооч чирж ирдэггүй. Цаанаас нь жолоочийг хуваарилж өгдөг. Энэ журмын дагуу л тодорхой хугацаанд миний жолоочоор болон бусад олон сайд удирдлагын жолоочоор 25-26 жил ажилласан. Олон Элчин сайдын жолоочоор ч ажиллаж байсан. Дэд консул Б.Баттүшиг ч мөн өнгөрсөн жил томилогдсон. Томилгоог төрийн албаны салбар зөвлөлөөс хийгддэг. Тэр дагуу л томилогдсон хүн. Өмнө нь Бангкокод консулаар ажиллаж байгаад буцаж, ирээд дүрэм, журмынхаа дагуу дараагийн томилгоогоо аваад явсан хүн” гэж тайлбарлаж байв.

Дипломат ажилтан 70 кг мансууруулах төрлийн бодис тээвэрлэж яваад саатуулагдсан энэ хэргийн улмаас Монгол Улс өнөөдөр Европын холбооны хар жагсаалтад багтаад байгаа юм.