“Жи тайм”-ын хэргийн шүүхэд хянагдах хугацааг сунгажээ

Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн М болон Монгол Улсын иргэн О нарт холбогдох “Жи тайм” сүлжээний гэх тодотголтой хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаад 5 дугаар сарын 08-нд яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.Нийслэлийн  прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О-т холбогдох  201701000037 дугаартай эрүүгийн хэргийн  586  хавтастай эрүүгийн хэргийг шүүгч  уншиж танилцах шаардлагатай байгаа тул  Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 30 хоногоор сунгасан байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар хориглосон “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох” үйл ажиллагаа эрхлэн, Монгол Улсын 11.385 иргэнийг элсүүлэх замаар бэлэн мөнгө авч залилж, нийт 25.801.303.770 төгрөгийн хохирол учруулсан юм.

Сонирхуулахад, эл хэрэгт холбогдуулан 6.9 тэрбум төгрөг, 400 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, гурван тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хохирогчдын хохирлыг барагдуулах зорилгоор битүүмжлээд байгаа билээ.