Хөшигтийн хөндийн 140,3 сая ам долларын өртөгтэй зам цуурчээ

Улаанбаатар хотыг Хөшигтийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудалтай холбосон авто зам цуурчээ. Цууралт 115 метр урт, 50 см хүртэлх гүнтэй дөрвөн хуруу өргөнтэй гарчээ.

Уг замын гэрээг Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр байгуулж, 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр эхлүүлсэн бөгөөд туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Бадрах Ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус тус ажиллаж 2019 оны есдүгээр сард хүлээлгэн өгсөн аж.

Уг төслийн ажлын нийт өртөг нь 140,3 сая ам.доллар бөгөөд 32.226 км урт, асфальтбетон хучилттай зорчих хэсгийн өргөн 31.0 м, 2 урсгал 6 эгнээ зорчих хэсэгтэйгээр 3 жилийн хугацаанд гүйцэтгэсэн байна.