Ашиг сонирхолын зөрчилтэй байж болзошгүй Ц.Хүрэлбаатарыг Орос УБТЗ-ын даргаар хүлээн зөвшөөрөх үү

УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа хүнд өвчний улмаас таалал төгсч тус газрын даргын суудал эзгүйрсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт болсон ЗГ-ын хуралдаанаар УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар орлогч дарга Ц.Хүрэлбаатарыг томилохоор Оросын талд санал хүргүүлсэн хэмээн Зам тээврийн сайд  Л.Халтар мэдээлсэн.

Монголын хоёр дахь саалийн үнээ хэмээн нэрлэгддэг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар Г.Сэрээнэндоржийг томилно гэх мэдээлэл он гарсанаас хойш хэвлэлээр явсан боловч өнгөрсөн долоо хоногийн ЗГ-ын хуралдаанаар Ц.Хүрэлбаатарыг томилох саналыг Оросын талд хүргүүлжээ. УБТЗ-ын даргад нэр дэвшээд буй Ц.Хүрэлбаатарыг Зам тээврийн дсайд Л.Халтарын ойрын хүн гэх мэдээлэл ч явж эхэлсэн.

Мөн түүнийг ашиг сонирхолын зөрчилтэй байж болзошгүй гэх мэдээлэл ч хөвөрч эхэллээ. Учир нь тэрээр “УБТЗ” ХНН-ийн Нийгмийн асуудал, УБТЗ-ын харьяаны бүх орон сууцнууд, түүний барилгын ажил, барих болон засах бүх ажлуудыг хариуцдаг. Үүнээс гадна УБТЗ-ын харьяаны эмнэлэг, сургууль, цэцэрлэг, тэдгээрийн албан хаагчдыг томилох, чөлөөлөх бүх эрхийг эдэлдэг аж.

Нэрийг нь дэвшүүлсэн Ц.Хүрэлбаатарын тухайд, “Грийн пеллет” гэх компанитай бөгөөд цемент үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь хариуцсан ажилтай нь уялдаатай тул ашиг сонирхолын зөрчил үүсч байж болзошгүй гэх хардлагыг төрүүлээд байна. Тиймээс түүнийг УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга болохоос өмнө хууль хяналтынхан шалгаж магадгүй нөхцөл үүсээд байна.

УБТЗ-ын даргад нэр дэвшигч Ц.Хүрэлбаатарын АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

ӨӨРИЙН ОРЛОГО: 2017 онд 28 сая байсан бол 2018 онд 47 сая болон өсч, 2019 онд 36 сая болжээ. 2020 онд 75 сая болон дахин өсжээ.

ГЭР БҮЛИЙН ОРЛОГО: 2017, 2018 онд 25 сая байсан бол 2019 онд 56 сая болон өсч, 2020 онд 24 сая болон буурчээ.

ОРОН СУУЦ: 220 сая төгрөгийн НЭГ орон сууцтай

АВТОМАШИН: 2017 онд 24 саяын Toyoto Camry-1, 2018 онд 22 саяын Hyundai, Sonata 7- 1,   2019 онд 15 саяын Toyota, SAI- 1, 2020 онд  18 саяын Lexus, HS 200- 1 машинтай гэж мэдүүлжээ.

ХАДГАЛАМЖ: 2018 онд 2 сая, 2019 онд 4 сая, 2020 онд 8 сая төгрөгийн хадгаламжтай болжээ.

ЗЭЭЛ: 2017, 2018 онуудад 93 сая төгрөгийн зээлтэй байсан бол 2019 онд 75 гаруй сая, 2020 онд 70 гаруй сая төгрөгийн зээлтэй үлджээ.

Мөн тэрбээр “Грийн Пеллет” ХХК-д хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.