БНХАУ-ын Бээжин хотод ковидын халдварын нэг тохиолдол илэрчээ. БНХАУ-д өнгөрсөн 10 дугаар сарын дунд үеэс хэд хэдэн хотод халдвар бүртгэгдсэн. Монгол Улстай хил залгаа Эрээн хотод халдвар бүртгэгдсэнээр хилээ хаагаад байгаа билээ.
Ирэх 2022 оны 2 дугаар сард өвлийн олимпын 24 дүгээр наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдана. Хэдийгээр цар тахлын энэ хүнд цаг үед олимпын наадам болох гэж байгаа боловч Бээжин хотын эрх баригчид, наадмыг амжилттай зохион байгуулахад бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллаж байна.
Олимпын наадам эхлэхэд хэдхэн сар үлдээд байгаа энэ цаг үеэс, хотын удирдлагууд, вирусний дэгдэлтээс сэргийлж, тодорхой хязгаарлалтуудыг нэмэгдүүлж эхэллээ. Тухайлбал, лхагва гарагаас эхлээд Бээжин хотод ирж байгаа бүх хүмүүс коронавирус илрүүлэх шинжилгээг 48 цагийн дотор хийлгэж, сөрөг гарсан хариугаа шалгуулан хотод нэвтрэх шаардлага тавьж байгаа.
Үүний зэрэгцээ сүүлийн 2 долоо хоногт халдвар илэрсэн бүс нутгаас хүмүүсийг нийслэл хотдоо нэвтрүүлэхгүй байх хатуу хязгаарлалтыг ирэх өвлийн олимпын наадам хүртэл дагаж мөрдөх юм. Мөн наадмыг эрүүл, аюулгүй орчинд явуулахын тулд ирэх оны 1 дүгээр сарын сүүлчээс наадам дуусах хүртэл Бээжин хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих аж.