Н.Түвшинбаярыг Улсын начин Э.Энхбатын өмгөөлөгчийнх нь хүсэлтээр цагдан хорьжээ

Улсын начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан олимпийн аварга Н.Түвшинбаярыг өчигдөр хохирогчийн ар гэрээс өмгөөлөгчөөрөө дамжуулж гаргасан хүсэлтийн дагуу прокурорын зөвшөөрөлтэй цагдан хорьжээ. Тодруулбал, хохирогч Э.Энхбатын өмгөөлөгч түүнийг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсний дагуу Н.Түвшинбаярыг батлан даалтад гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, ийнхүү цагдан хорих шийдвэрийг шүүх гаргажээ.

Мөн хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хамт байсан хүмүүсийг ч шалгах хүсэлтийг хууль сахиулах байгууллагуудад хүргүүлээд байгаа билээ.

Дээрх хэрэг болсон өдөр буюу өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-ны өдөр, Н.Түвшинбаяр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан. Үүний улмаас Э.Энхбат найм сар гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэсэн бол Н.Түвшинбаярт хилийн хориг тавьж, хэргийг нь шалгаж байсан юм.
Одоо Э.Энхбат начин “Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Тэгвэл Улсын начин Э.Энхбат начны гэргий Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. “Яагаад заавал ганцхан тархийг нь гэж. Гурав цохиод зогсохгүй. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан. Өнгөрсөн найман сарыг яаж тэвчиж,нулимсаа залгиж өнөөдрийг хүргэлээ. Зөв хүн байгаад хохирдог хорвоо юм. Миний хань тэмцсээр, бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно. Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юмаа” гэж бичжээ.