Монголын хөлбөмбөгийн холбоо АХБХ-ны “В” конвенцод нэгдлээ

МХБХ-ны техникийн хэлтсээс өнгөрсөн оны есдүгээр сард АХБХ-ны “В” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг анх удаа дотооддоо зохион байгуулж байгаа талаар мэдээлсэн билээ.

МХБХ-ны сургагч багш нарын бүрэлдэхүүн сургалтын хөтөлбөр, хичээлүүдийг АХБХ-ны шалгуурын дагуу боловсруулан АХБХ-ны дасгалжуулагчийн зөвлөлөөр батлуулснаар уг сургалтыг зохион байгуулах эрхийг авч есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 23-ны хооронд гурван үе шаттай зохион байгуулсан юм.

Уг сургалтыг цахим хэлбэрээр хянаж ажилласан АХБХ-ны дасгалжуулагчийн зөвлөлийн гишүүн Япон улсын мэргэжилтэн Ясухиро Кимурагийн сургалтын талаар АХБХ-ны дасгалжуулагчийн зөвлөлд өгсөн тайлан, дүгнэлтийн дагуу АХБХ-ноос хүлээн зөвшөөрч МХБХ албан ёсоор “В” конвенцод нэгдсэнийг баталгаажууллаа.

МХБХ ийнхүү АХБХ-ны “В” конвенцод нэгдсэнээр цаашдаа дасгалжуулагчийн “В” хүртэлх зэрэглэлийн сургалтуудыг дотооддоо зохион байгуулах боломжтой болж байгаа бөгөөд гол ач холбогдол нь “В” конвенцод нэгдсэн АХБХ-ны гишүүн орнуудын дасгалжуулагчийн мэдлэг, ур чадварыг харилцан хүлээн зөвшөөрч байгаа нь Монголын хөлбөмбөгийн дасгалжуулагчийн боловсролд нэг алхам ахисан явдал боллоо.