Л.Оюун-Эрдэнэ: Улсын хөгжилд хувь нэмрээ оруулсан зээлд ЗГ-аас дэмжлэг үзүүлнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг дөнгөж сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Энэ үеэр сэтгүүлчид Хөгжлийн банкны асуудлаар байр суурийг нь асуулаа.

Тэрбээр “Засгийн газар Хөгжлийн банкийг татан буулгахгүй, дампууруулахгүй. Харин Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд том төслүүдийг санхүүжүүлдэг Экзим банк болгох хэрэгтэй”-г хэлж байна. Мөн тэрбээр улс төрийн нөлөөллөөр барьцаа хөрөнгөгүйгээр авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан хүмүүст Эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаах гэмт хэрэгт шалгах хүсэлтийг Ерөнхий прокурорт гаргаснаа хэлэв. Мөн Хөгжлийн банкны асуудлыг Иргэний хуулиар бус Эрүүгийн хуулиар зохицуулах шаардлагатай гэв.

Харин барьцаа хөрөнгө нь хангалттай, зориулалтын дагуу ашиглагдсан, тухайн төсөл хөтөлбөр улсын хөгжилд хувь нэмрээ оруулсан зээлийн эргэн төлөлт цар тахлын улмаас бага хугацаагаар тасалдсан ч Засгийн газар хэвийн гэж үзэн, хуулийн дэмжлэг үзүүлэхээ Ерөнхий сайд хэллээ.