Э.Цэндбаатар: Багшгүй бэлтгэлээ хийгээд тулаанд орж байгаа

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өчигдөр орой Монголын цагаар 22.00 цагт Азербайжан улсын тамирчин  38 настай Рауф Агаевтай тулалдаж яллаа. Түүний хувьд мэргэжлийн боксын гурав дахь тулаанаа хийж, 3-0 амжилттай байна.  Тус тулааны дараа Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Дэмжсэн та бүхэндээ баярлалаа. Мэргэжлийн боксын гурав дахь тулаанаа хийж яллаа. Багшгүй өөрөө бэлдээд гарч байгаа. Амжилтаа ахиулахын тулд хичээх болно’ гэжээ.

Сануулахад: Э.Цэндбаатар нь 2019 оны сонирхогчдын боксын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнээс гадна 2018 оны Жакартагийн Азийн наадмаас алт, 2019, 2021 онуудын Азийн аваргаас дараалан алтан медаль тус тус хүртэж байв.

Монголын боксын холбооноос Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргаж, тамирчны сахилга хариуцлага алдсан хэмээн өнгөрсөн 9 сард хөөх шийдвэр гаргасан билээ.  Тэрээр тус холбооноос хөөгдөсний дараа мэргэжлийн боксын анхны тулаанаа Оросын тамирчин Сослан Баевтай хийсэн. WBA холбооны Азийн аваргын бүсийн төлөөх энэхүү тулаанд Э.Цэндбаатар шүүгчдийн саналаар ялт байгуулж байв. Энэхүү тулааныхаа дараа Э.Цэндбаатар өөрийн цахим хуудастаа “Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай” хэмээн бичлэгээ оруулж байсан билээ.

Д.Гэрэлээ