Ч.Отгочулуу: Монголчууд бултаараа 14 хувиар ядуурлаа

Өргөн хэрэглээний барааны үнэ өсч, иргэдийн амьжиргаа сүүлийн үед эрс муудсан. Үүнтэй холбоотой Засгийн газраас үнэ тогтворжуулах зорилготойгоор Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл өргөн бариад байгаа. Өргөн барьсан хуулийн төсөлтэй холбогдуулан сөрөг хүчний байр суурийг олон нийтэд танилцуулахаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албанаас өнөөдөр /2022.04.12/ “Хууль баталж үнэ тогтворжуулах нь зөв шийдэл мөн үү” сэдэвтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн 2022 оны төсөв, мөнгөний бодлого хэлэлцэн батлах үеэр хэлж, сэрэмжлүүлж байсан үгийг дахин санууллаа. Тухайлбал, “2022 оны төсөвт 471 тэрбум төгрөгийн өртөг бүхий 196 төслийг хасах боломжтой. Татвар төлөгчдөд дэндүү ачаа болсон төсөв боллоо”. “Монголбанк хараат бус бие даасан байдлаа хадгалж үйл ажиллагаа явуулах нь чухал байна. Засгийн газрын дохио зангаагаар ажилладаг байдлаа үргэлжлүүлэх аваас үнэ огцом өсөх, инфляц нэмэгдэх, валютын ханшаа алдах зэргээр санхүүгийн салбарт хүндрэл үүсэх магадлал нэн өндөр боллоо” гэх мэтээр сэрэмжлүүлж байсан юм. Гэвч эрх баригчид цөөнхийн үгийг үл тоосны горыг одоо нийтээр амсаж байна.

Үйл ажиллагааг нээж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, “Улс орны одоо байгаа нөхцөл байдал эрх баригчдын буруу бодлого, төмөр замаа тавьж чадаагүйгээс хамааралтай. Ардчилсан нам 2012 онд олонхи биш ч олуулаа байхдаа улс төр, эдийн засгийн шинэчлэлийг хийж чадсан. Тэр үед бид “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Эрх баригчид мушгиж, муулж байсан хэрнээ өнөөдөр өөрсдөө хууль болгох гээд явж байна” гэв. Мөн “2012-2014 оны үнэ тогворжуулах хөтөлбөр:ололт ба сургамж” сэдвээр АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх, эдийн засагч Ч.Отгочулуу, “Засгийн газраас өргөн барьсан үнэ тогтворжуулах хуулийн төсөл дээр хийсэн дүн шинжилгээ” сэдвээр УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж нар илтгэл тавив.

Эдийн засагч Ч.Отгочулуу “Инфляц бол ядуурал, ажилгүйдлийн дүн. Тиймээс Монголчууд өнөөдөр бултаараа 14 хувиар ядуурчихаад байгаа гэсэн үг. Эмнэлэг, сургууль ашгийн төлөө ажилладгүйтэй адил Монголбанк ашиг олох бус харин ч зардал гаргаж инфляцийг бууруулж болдог. Аль ч улсын Төв банк дотоод валютынхаа ханшийг барих үүрэгтэй. Гэтэл Монголбанк энэ үүргээ биелүүлж чадсангүй. Одоо Засгийн газар нь хууль баталж Монголбанкийг өөрийн агентлаг шигээ ажиллуулах гэж байна” гэж шүүмж хэлэв. Мөн эдийн засагч Р.Даваадорж, Засгийн газар энэ хуулийн төслийг оруулж ирэхдээ хэдэн төгрөг хаанаас гаргах, тэр мөнгөө хаанаас олох нь тодорхойлоогүй. Хууль батлуулж УИХ-ын 76 гишүүнд асуудлаа нялзааж, хариуцлагаас зугaтах, өөрөөр хэлбэл хулгайгаа хуульчилж хаах арга гэдгийг тайлбарлав.

Илтгэлийн дараа, хэлэлцүүлэгт оролцсон иргэд “Ийм хууль батлах нь луйвар. Иргэд үнэхээр үнийн өсөлтөд сөхөрч, амьдрал эмгэнэлтэй байна. Монголчууд аж амьдрал ч үгүй эрүүл мэнд ч үгүй болсон, тиймээс мах гурилны үнэ ярихаас эмнэлгийн тогтолцоог өөрчлөх зэргээр бодлогоо өөрчлөх шаардлагатай байгааг нотлон, ярив. Тэд  “Төр иргэдээ яагаад хайрлахгүй байна вэ” гэдгийг эрх баригчдаас асууж байна. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, хэлэлцүүлэг үр дүнтэй болсныг дурдаж, хуульд зөвхөн мах, гурилын үнэ гэж тусгах биш эмийн үнэд анхаарах ёстой. Эрүүл мэнд хамгийн гол асуудал гэдэгтэй санал нэгдэж байна. Хэлэлцүүлгийн үед гарсан санал бүрийг хуулийн төсөл хэлэлцэх үеэр уламжлах болно гэдгээ илэрхийллээ.