С.Амарсайхан эмээлтэд мах бэлтгэн боловсруулж, нийлүүлдэг Агро нэгтгэл трейд ХХК-ий үйл ажиллагаатай танилцлаа

МУ-ын Шадар сайд С.Амарсайхан Эмээлт дахь мах бэлтгэн боловсруулж  нийлүүлдэг Агро нэгтгэл трейд ХХК-ий үйл ажиллагаатай танилцлаа.

Тус үйлдвэр Улаанбаатарчуудад нөөцийн мах бэлтгэн нийлүүлэхээс гадна Иран, БНХАУ улс руу мах бэлтгэн экспортлодог байжээ. Гэвч цар тахлаас үүдэн дээрх улсууд руу махаа экспортлох ажил түр зогсоод байсан бөгөөд улс орнуудын цар тахлын хөл хориогоо суларсан учир дахин экспорт хийхээр гэрээ хэлэлцлүүдээ хийж байгаа юм байна.

Шадар сайдыг тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр Агро нэгтгэл трейд ХХК-ий захирал Л.Нямсүрэн “үйлдвэрээ барьцаанд тавьж мах бэлтгэн нийлүүлэх, экспортлох үйл ажиллагаа явуулж байна. Бид сардаа 4 тэрбум орчим төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийдэг. Сүүлийн жилүүдэд цар тахал болон бусад хүчин зүйлээс үүдэн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Мөн сүүлийн үед нөөцийн махны борлуулалт ч буурсан. Тиймээс төр засгаас дотоодын мах нийлүүлэлт болон гадагшаа экспорт хийхэд анхаарлаа хандуулж дэмжлэг үзүүлэхийг Шадар сайд С.Амарсайханаас хүсч байна” гэв.

Шадар сайд С. Амарсайхан тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Энэ үйлдвэр махаа гадаад болон дотоодынхоо хэрэгцээнд тохируулан  зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байна. Төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж хүн амыг эрүүл хүнсээр хангахад бодитой хувь нэмрээ оруулж, стандарт шаардлагаа хангасан технологийн дагуу мах бэлтгэн нийлүүлж буй аж ахуй нэгждээ дэмжлэг үзүүлж ажиллана” гэв.

Д.Гэрэлээ