НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд Төрийн дуулал эгшиглэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн хүндэт харуулын туганд мэхийн ёсолж, цэргүүдтэй мэндчилэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсан юм.

Түүний айлчлал наймдугаар сарын наймнаас 11-ний өдрүүдэд үргэлжлэх юм. Антонио Гутерреш наймдугаар сарын наймны үдэш Улаанбаатар хотод газардахад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чингис хаан ОУ-ын нисэх буудалд тосож авсан байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нь 1949 оны 04 дүгээр сарын 30-нд Португал Улсын Лиссабон хотноо төржээ. Тэрбээр Португал Улсын Парламентын гишүүн, Европын Зөвлөл дэх Португал Улсын төлөөлөгч, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Социалист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Социалист Интернационалын Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч, Португал Улсын Ерөнхий сайд, Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд комиссарын албыг хашиж явсан туршлагатай улс төрч, дипломатч аж.

НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш энэ сарын дөрөвний өдөр Зүүн хойд Азийн бүс нутагт хийж буй айлчлалаа эхлүүлсэн. Айлчлалынхаа хүрээнд Антонио Гутерреш Япон Улсад зочилж, Хирошимагийн Энх тайвны дурсгалын өдрийн арга хэмжээнд оролцсон. Түүний айлчлал Монгол Улс, БНСУ-д хийх айлчлалаар үргэлжлэх юм байна.

Ташрамд дурдахад, Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төвшинд  дөрвөн удаа айлчилж байснаас хамгийн сүүлд Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн 2009 онд айлчилсан юм. Тэрбээр Монгол оронд төдийгүй дэлхий нийтэд цаг уурын өөрчлөлт ба   энхийг сахиулах ажиллагааг дэмжиж, түүний үр нөлөөг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаанд түлхүү анхаарах тал дээр байр сууриа баримталж ирсэн билээ.