Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй ээ гэж энэ дээ

Нутгийн өөрөө удирдах ёс алдагдаж аймгийн ЗД-ыг эрх баригч намын удирдлага томилоод явуулчихдагийг харин анх удаа аймгийн иргэд эсэргүүцсэнээр монголчууд мэдэж авлаа. Тэгвэл хорооны ЗД гэж энд тэндээс улс төрийн томилгоогоор ирсэн нэг нөхөр өөрт нь үйлчилсэнгүй гэх нэрийдлээр хорооныхоо босоо удирдлагатай мэргэжилтнүүдийг хяхаж, хавчиж ажлын байрны дарамт учруулсаар Монгол улс төрийн үйлчилгээний доод нэгждээ ажиллах хүний нөөцийн хомсдолд ороод удаж байгааг мэдэж байгаа юу?

Монгол улс 1 нийслэл, 9 дүүрэг, 204 хороотой, 21 аймаг, 330 сум, 1568 багтай. Иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг засаг захиргааны хамгийн доод нэгж бол баг, хороо. Гэтэл сүүлийн жилүүдэд баг, хороонд мэргэшсэн, тогтвортой суурьшилтай ажиллах хүний нөөцгүй болоод байгаа аж. Уг нь хороо болгон дээр 1, 1 Улсын бүртгэгч, халамжийн мэргэжилтэн ажиллаж иргэдэд үйлчлэх батлагдсан орон тоотой боловч цалингийн хэмжээ, ажлын ачаалал, ажлын байрны дарамтаас болоод 1 хорооны мэргэжилтэн хэд хэдэн хорооны ажлыг хавсарч хийдэг байдал хэвийн үзэгдэл болжээ. Нөгөө хоёр шалтгааныг нь ойлгож болох ч хэдхэн ажилтантай хороонд ажлын байрны ямар дарамт ирдэг юм бол?

Зарим хорооны ЗД нар улсын бүртгэгч, халамжийн мэргэжилтнүүдээ өөртэй нь хамтарч ажилласангүй гэх нэрийдлээр 11-11 төвд гомдол гаргаж шийтгүүлдэг мода дэлгэрч гэнэ, цаана чинь. Яагаад гэхээр хорооны улсын бүртгэгч, халамжийн мэргэжилтнүүд иргэдэд ойр үйлчлэх зорилгоор хорооны байранд байрлаж ажилладаг болохоос босоо удирдлагатай, ажлын чиг үүргээ дүүргээсээ авч ажилладаг онцлогтой мэргэжилтнүүд байдаг. Гэтэл ЗД-ын шууд харьяанд байдаггүй эдгээр мэргэжилтнүүдийн зарим нь хороон засаг даргадаа үйлчилдэггүй, хов базаж дотносдоггүй, үгээр нь байдаггүй гээд баахан уур цухлыг нь хүргэдэг бололтой. Тиймээс ийм “уур хүрмээр” мэргэжилтнүүддээ зарим ЗД шууд хариуцлага тооцох боломжгүй болохоороо хэсгийн ахлагчаараа дамжуулаад ч болов ЗГ-ын 11-11 төвд … Хамтарч ажилладаггүй хэмээн гомдол гаргадаг байна. Хууль журмандаа тус төвд төрийн албан хаагчийн нэр дээр иргэдээс гомдол ирсэн тохиолдолд тухайн албан хаагчийг 6 сар цалингийн 20%-иар шийтгэх заалттай байдгийг мань “өшөө авагчид” тун чиг овжин ашигладаг аж.

Яг иймэрхүү кейсын нэг нь Хан-Уул дүүргийн 4-р хорооны хэсгийн ахлагч 11-11 төвд хандан хорооныхоо улсын бүртгэгчийг … Хорооны ЗД болоод хороотойгоо хамтарч ажилладаггүй хэмээн гомдол гаргажээ. Гэтэл уг 4-р хорооны улсын бүртгэгч нь гадаад дотоодод их дээд сургууль төгссөн боловсролтой, 10 гаран жил буюу хороондоо хамгийн удаан жил ажиллаж, амьдарсан, цэцэрлэг сургуулийн бүртгэл эхэлсэн энэ оргил ачааллын үед зэргэлдээх 3 хорооныхоо улсын бүртгэлийн ажлыг зэрэг хавсарч ажиллаж байгаа туршлагатай, архаг нэгэн харин ЗД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Отгон нь хуулийн хугацаа нь өнгөрсөн ч түр орлон гүйцэтгэгчээ хэдэн жил хийж байгаа, хорооны иргэн ч биш, хорооныхоо иргэдийнхээ саналыг ч авч сонгогдоогүй томилгооны нэгэн юм байх. Тэгэхээр энэ хоёр хүний зөрчилдөөн ямар учиртай болох нь ойлгомжтой. Гэвч 4 хорооны ажлыг хавсран гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч энэ тохиолдолд 6 сар цалингийнхаа 20%-ийг хасуулах нь тодорхой болж байна.