НҮБ-ын Ажлын хэсгийн гишүүн Элина Штайнерте хорих анги дахь эрхээ хасуулсан иргэдтэй уулзана

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаар Ажлын хэсгийн гишүүн хатагтай Элина Штайнерте тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2022.10.05) Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Элина Штайнерте, Ажлын хэсгийн айлчлалын гол зорилго нь эрх чөлөөгөө хасуулахтай холбоотой асуудлаар хүний эрхийн олон улсын холбогдох стандартыг хэрэгжүүлэхэд нь Монгол Улсын Засгийн газарт зөвлөх, Тусгай журмын айлчлалын бүрэн эрх, удирдамж, харилцан хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр хорих анги, цагдаагийн газар, сэтгэцийн эмгэг судлалын байгууллага, цагаачлалын түр саатуулах байруудад очиж, эрхээ хасуулсан иргэдтэй уулзана гэдгээ илэрхийлсэн. Монгол Улс эрүүдэн шүүхийн эсрэг протоколыг соёрхон баталсан цөөн улсын нэг. Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүдийг томилсноор олон улсын гэрээнд заасан хэм хэм хэмжээг зөрчиж хүнийг дур зоргоор саатуулж, албадан хорьдог явдлыг хязгаарлахад чухал ач холбогдолтой гэлээ.


УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр “энэ жил Монгол Улс НҮБ-д гишүүн орноор элссэний 61 дэх жилийн ой болж байна. Монгол Улс хүний эрхийн асуудлыг бүс нутгийн төдийгүй олон улсын түвшинд чухалчлан үздэг гэдгийг онцлон тэмдэглээд, шүүх эрх мэдлийн байгууллага, хүний эрхийн байгууллагын гишүүд, удирдлагыг сонгохдоо Хүний эрхийн талаарх нээлттэй сонсголыг олон талын оролцоотой зохион байгуулж олон нийтийн оролцоог хангадаг болсон. Энэ  нь хараат бус байдлыг бий болгоход хамгийн чухал хэмээн үздэг” гэлээ.

Ажлын хэсгийн гишүүд манай улсад ажиллах хугацаандаа төрийн бүх шатны болон иргэний нийгмийн байгууллагын удирдлага, эрх бүхий албан тушаалтантай уулзаж, Ажлын хэсгийн бүрэн эрх, чиг үүрэгт хамаарах асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ.


НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх ажлын хэсгийн гишүүд 2022 оны 10 дугаар сарын 03-наас 14-ний өдрүүдэд манай улсад айлчлах хугацаандаа Улаанбаатар хот болон орон нутаг дахь төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзан Ажлын хэсгийн бүрэн эрхийн хүрээнд санал солилцож, зөвлөмж гаргах юм.

Ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12:00 цагаас НҮБ-ын хурлын танхимд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, урьдчилсан ажиглалт, дүгнэлтээ танилцуулна.

Ташрамд дурдахад, Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсэг нь 1991 онд НҮБ-ын Хүний эрхийн комиссын 1991/42 тоот тогтоолоор байгуулагдсан НҮБ-ын ууган тусгай бүтцийн нэг бөгөөд өнөөдрийн байдлаар Замби, Латви, Малайз, Шинэ Зеланд, Эквадор гэсэн 5 гишүүн улсын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Улмаар Комиссын зүгээс орогнол хүсэгчид, цагаачдыг захиргааны журмаар саатуулах асуудлыг хамруулан Ажлын хэсгийн эрх хэмжээг тодорхойлж өргөтгөсөн байна. Өнгөрсөн 2019 оны 09 дүгээр сард Хүний эрхийн зөвлөл нь тус Ажлын хэсгийн бүрэн эрхийн хүрээг баталгаажуулж, дахин гурван жилээр сунгажээ. Ажлын хэсэг нь дэлхийн бүс нутгийн төлөөллийг хангасан бие даасан таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй.

Үүнд: Хатагтай Мириам Эстрада-Кастило (Эквадор; Ажлын хэсгийн дарга), ноён Мумба Малила (Замби; Дэд дарга); Хатагтай Элина Штайнерте (Латви); Хатагтай Прия Гопалан (Малайз); ноён Мэттью Жиллет (Шинэ Зеланд).

Ажлын хэсэг нь Хүний эрхийн зөвлөлийн Тусгай журам /Special Procedures/ хэмээн нэрлэгддэг механизмд хамаардаг.

НҮБ-ын Хүний эрхийн тогтолцооны хамгийн олон хараат бус шинжээчдийг хамарсан тогтолцоо болох Тусгай журам нь дэлхийн өнцөг булан бүрт улс орнуудын тодорхой нөхцөл байдал эсхүл сэдэвчилсэн асуудлын талаар хараат бусаар баримт цуглуулах, хяналт үнэлгээ хийх Зөвлөлийн механизмын ерөнхий нэр юм.

Тусгай журмын шинжээчид сайн дурын үндсэн дээр ажилладаг. Тэд НҮБ-ын ажилтан биш бөгөөд тухайн ажлын төлөө цалин хөлс авдаггүй. Шинжээчид аливаа Засгийн газар, байгууллагаас хараат бус бөгөөд бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулдаг.

Эх сурвалж: Хүний эрхийн үндэсний комисс, Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс