Улсын бүртгэлийн ажилтан эрэн сурвалжлагдаж байсан иргэнд ХУУРАМЧ гадаад паспорт гаргаж өгсөн нь тогтоогджээ

Улсын бүртгэлийн ажилтан Х нь Худалдаа хөгжлийн банкнаас хуурамч бичиг баримт ашиглан хоёр сая ам.доллар залилсан Б.Бямбадоржид хуурамч гадаад паспорт гаргаж өгчээ. Энэ хэрэг нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж тогтоогдсон тул   УБЕГ-аас АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН байна.

Хуурамч бичиг баримт гаргуулсан Б.Бямбадоржийн хувьд өнгөрсөн жил буюу 2021 оны тавдугаар сарын 25-нд 32 настай Б.Бямбадорж, 34 настай Б.Баттулга, Э.Золхүү нар Сүхбаатар дүүргийн нутаг, “Шангри-Ла” төвд байрладаг Худалдаа хөгжлийн банкнаас хуурамч бичиг баримт ашиглан хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарч байв.

Тэднийг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж эхэлсэн байдаг. Гэвч түүнийг сааттуулан шалгах шаардлагагүй хэмээн сулласан. Гэвч Б.Бямбадорж нь мөрдөн байцаалтын явцад оргож, түүнийг харсан, үзсэн хүнийг 20 сая төгрөгөөр урамшуулна хэмээн ЦЕГ-аас зар тарааж байв.

Улмаар эрэн сурвалжлах ажиллагааг эрчимтэй явуулж, энэ оны долдугаар сарын 7-нд Ховд аймгаас баривчилсан байдаг.

Тэгвэл Б.Бямбадоржийг баривчлахад биеэс нь өөрийнх нь зурагтай, өөр нэртэй гадаад паспорт олджээ. Тэрбээр уг паспортыг ашиглан хил нэвтрэхээр төлөвлөж байсан ч хил нэвтэрч чадалгүй цагдаагийнханд баривчлагдсан юм.