Сүүлийн хэдэн жил дарагдсан байсан сүрьеэ өвчний тохиолдол, тэр дундаа эмэнд тэсвэртэй сүрьеэгийн халдвар дэлхий дахинд огцом нэмэгдэж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. НҮБ-ын эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр өнгөрсөн 2021 онд дэлхий дахинаа 10 сая гаруй хүн сүрьеэгээр өвчилсөн нь жилийн өмнөхөөс 4.5 хувиар нэмэгджээ. Үүнээс 450 мянга орчим нь эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвдсөн бол уг өвчний улмаас 1.6 сая хүн нас барсан байна. Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол 2020 онтой харьцуулахад 3 хувиар өсчээ.
Сүрьеэтэй тэмцэх төрийн бус байгууллагын ерөнхийлөгч Мел Спигелман хэлэхдээ, “2020 онд “COVID-19″ цар тахал гарснаас болж сүрьеэгийн эсрэг хийсэн 10 гаруй жилийн үр дүн үгүй боллоо” гэжээ.