Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Салбар зөвлөлийн ажлын албаны дүрэм, бүтэц, орон тоо батлах тухай” 03 дугаар тогтоолоор Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын алба байгуулагдсан бөгөөд Зөвлөл нь гэмт хэрэгтэй тэмцэх, хяналт тавих чиг үүрэг бүхий шүүх, прокурор, цагдаа, тагнуул, гааль, татвар, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын төлөөллөөс бүрддэг ба Улаанбаатар хотод байрлах 3 гаалийн газрын дарга нар хамрагддаг юм.
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит 3 дугаар хуралдаан 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газарт зохион байгуулагдлаа. Хуралдаанаар Улаанбаатар хотод илэрч байгаа зөрчил, гэмт хэргийн өнөөгийн байдал, түүнээс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцсэн.
Олон улсын нисэх буудал, улс хоорондын шуудан илгээмж, гаалийн зөрчил, хяналт шалгалтын тухай Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын дарга Г.Баасандорж танилцуулав.
Хуралдаанд оролцогчид Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг сонссон юм.
Ниислэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “Гэмт хэргийн статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд цахим орчин, шуудан харилцаатай холбоотой үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо өсөх хандлагатай байна. Иймд гаалийн салбартаа бид илүү их анхаарч, салбарын хүрээнд урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлэх шаардлагатай, хурдацтай хөгжиж буй технологийн дэвшилтэй уялдаж, өндөр бүтээмжтэй, шуурхай, эргэх холбоотой ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна. 2023 оны ажлыг төлөвлөхдөө нэн шаардлагатай ажил, арга хэмжээгээ эрэмбэлж, зөвлөлийн гишүүн байгууллагууд салбрын онцлогт тохируулж ажиллах ёстойг дахин хэлье. Бид иргэдийнхээ оролцоонд тулгуурлан бүх төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачлагатай хамтран ажиллах шаардлагатай” гэж онцолсон юм.
Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар нь энэ онд 144 зөрчил илрүүлж, 233,2 сая төгрөгийн торгох шийтгэл, 89,9 сая төгрөгийн татвар нөхөн төлүүлж энэ оны 10 дугаар сарын байдлаар 152.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд төлөвлөгөө 90.3 хувийн биелэлттэй байна гэж мэдээллээ.
Эх сурвалж: ГЕГ