УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Ард иргэдийн хүсэн хүлээж байгаа өөрчлөлтийг хийхийн тулд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж байна

Улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлж, шийдвэрлэх “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны санал асуулга маргааш (2023.02.14) Төрийн ордонд эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан парламентад суудалтай намын төлөөллүүд мэдээлэл хийсэн юм. 

Улсын Их Хурлын дэд дарга, Ажлын хэсгийн гишүүн, АН-ын бүлгийн гишүүн С.Одонтуяа төрийн түшээгээр сонгогдсон цагаасаа эхлэн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулан ажиллаж буйгаа дурдаад, энэ чиглэлээр үр дүнд хүрэхийн төлөө Зөвлөлдөх уулзалтын үеэр ажиллана гэдгээ мэдэгдэв. Тэрбээр, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн нэрийн өмнөөс “шинэ Үндсэн хууль” гэх асуудлыг дэмжихгүй байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж, энэ цаг үед хамгийн тулгамдаж байгаа асуудал бол сонгуулийн болон улс төрийн намын тогтолцоо болохыг онцолж, эдгээр асуудлаар Зөвлөлдөх санал асуулгаас тодорхой үр дүн гарна гэж итгэж байна гэсэн юм. Мөн тэрбээр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг парламентын ардчиллыг бэхжүүлэх, парламентыг төгөлдөржүүлэх талаар ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв.

Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурал дахь ХҮН-ын төлөөлөл Т.Доржханд хууль, эрх зүйн өнөөгийн зохицуулалтаар шинэ Үндсэн хууль батлах гэх зүйл байхгүй гэсэн намынхаа байр суурийг илэрхийлж, Монгол Улс бол ардчилсан улс, иймд бид парламентын ардчиллаа дэмжиж, бэхжүүлэн хөгжүүлэх ёстой гэсэн юм. Үүний тулд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий хэмээн өгүүлээд, энэ талаар сонгогчид, иргэдтэй санал солилцоход таатай хүлээн авдаг гэсэн юм. Ард иргэд өөрчлөлтийг хүсэж байна хэмээн тэрбээр онцлоод, Зөвлөлдөх санал асуулгад ХҮН ажиглагчаар орж, үр дүнг яаравчлуулан энэ долоо хоногт багтаах талаар ажиллана гэлээ.